YouTube
by
Mabel7
Хун шувууны үлгэр
Эртээ урьдын цагт нэгэн хоньчин охин ижийнхээ хамт ядуу зүдүүхэн амьдран суудаг байжээ.
Охин өдөр бүр цэцэгт ногоон талд хонь малаа хариулж, хээрийн нугаар зугаацан нааддаг байжээ.
Удалгүй намар болж, голын ус хөлдөж, нүүдлийн шувууд алсыг зорин нүүдэллэн нисэж эхлэв.
Намрын нэгэн жихүүн өдөр охин голын эргээр зугаалан явж байтал хэсэг модны цаанаас гунигтайхан гунганах дуу сонсогджээ.
Охин ийш тийш очиж харвал голын мөсөнд наалдсан өнчин хун шувуу гоолиг хүзүүгээ сунган гунигтайгаар ганганаж байх нь тэр ээ.
Охин үзэсгэлэнт хун шувууг ихэд өрөвдөж, хөлдүү мөсийг царилаар нүдсээр шувууг салган авч, дааж ядан тэвэрсээр гэртээ ирэв.
Өр зөөлөн ээж нь охинтойгоо хамт шувууг асран халамжилсаар өвлийн уртыг туулжээ.
Тэд хүйтэн өвлийг халуун нөхөрлөлөөр даван туулахад урин дулаан цаг айлчлан ирэв.
Хаврын нэг налгар өглөө хун шувуу малаа бэлчээж яваа охины араас дуу тавин гунганаж гэнэ.
Охин эргэж харвал хайртай хун нь том цагаан далавчаа дэлгээд, хүзүүгээ сунган сүрлэг сайхан дэвэлт хийгээд тэнгэр өөд нисэн оджээ.
Охин шувууныхаа араас гунигтайхан далласаар үлдэв. Тэр өдрөөс хойш охин ганцаардан гуниглах болжээ.
Цэцэгс алагласан зуны нэгэн өдөр охин хониныхоо захад зүүрмэглэж орхижээ. Гэтэл түүний хайртай хун шувуу зүүдэнд нь ирж,
“Чи надаас битгий айгаарай. Миний гэр энүүхэн уулын энгэр дэх агуйд байдаг юм. Ээжээсээ зөвшөөрөл аваад манайд зочлон ирээрэй.”
хэмээн хүний хэлээр хэлчихээд нисээд явчихжээ.
Охин сэрээд болсон явдлыг санаж, зүүдээ ярихад ээж нь хэсэг бодолхийлж байснаа:
“Алах дайсан байсан бол аль эрт санаагаа гүйцэлдүүлэх байсан. Тэр өдий хүртэл чамтай эвтэй найртай, сайхан хандаж байсныг бодоход яавч муу юм хийхгүй биз.” гээд охиноо явахыг зөвшөөрчээ.
Охин маргааш нь хун шувууны заасан агуйн аман дээр хүрч очиход “Наашаа ороод ир” гэх дуу дуугарав.
Охин хэлсэн ёсоор нь цааш явж орвол өв тэгшхэн хувцасласан цэмцгэр сайхан залуу гарч ирээд гараас нь хөтлөн агуйд оров.
Агуйн гүнийг өдөр мэт гоёмсог гэрлүүд гийгүүлэх бөгөөд номин эрдэнийн багана, гантиг цагаан шал нүд гялбуулах ажээ.
Үзэсгэлэнт сайхан залуу охиныг арааны шүлс асгарам тансаг зууш өрсөн ширээ рүү дагуулан очоод цадтал нь дайлав. Тэгснээ охинд ийн хэлжээ.
“Чи нэгэн удаа миний амийг аварсан. Ядуу даржин ч гэлээ бор гэртээ байгаа бүхнээрээ намайг дайлсан.
Энэ бүхнийг хийхдээ чи болон чиний ээж хэн нэгнээс ямар нэгэн зүйл горьдоогүй ээ. Чиний сэтгэл ямагт энэрэнгүй сайхан өнгөөр бялхаж байхыг би харж баясдаг байлаа.
Тиймээс би чамд хайртай болсон. Би бол чиний асран халамжилсан тэр хун шувуу билээ. Аав маань лусын хаан юм аа.
Тэр намайг энэ хорвоогийн хамгийн сайхан сэтгэлтэй бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурлах хүртэл хун шувуу байхаар илбэдсэн юм.
Тиймээс л би хун болсон. Үзэсгэлэнт охин минь, чи миний гэргий болооч.” гэв.
Энэ үгийг сонссон охин тун их гайхсан боловч лусын хааны хүүд юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.
Залуу охиныг үүдэнд гаргаж өгөхөөр агуйн аман дээр гарч ирэхдээ дахиад л хун шувуу болон хувирсан байв.
Ингээд охин орой нь гэртээ очоод ээждээ энэ тухай дуулгаж гэнэ.
Тэр өдрөөс хойш охин өдөр бүр хун шувуутайгаа хээр талаар зугаалж, төдөлгүй хайр сэтгэлээ өгч. Гэтэл нутгийн хүмүүс охиныг “хун шувуутай нөхцсөн шулам” хэмээн ад үзэх болов.
Охин энэ тухайгаа хун шувуундаа “Хэрвээ чи хүн төрхөндөө орохгүй бол би чамаас сална” хэмээн уйлан хайлан хэлжээ.
Хун энэ үгийг сонсоод охиноос хэд хоног хүлээхийг гуйв. Тэр үеэр нутагт нь их баяр наадам болж бүх хүн тийшээ очихоор болжээ.
Охин ядуу муу хувцастай тул очихгүй гэж шийдсэн байв. Гэтэл хун шувуу гэрийнх нь дээвэр дээр нэгэн боодолтой юм тавиад нисэн одов оо.
Охин түүнийг авч задлан үзвэл нүд гялбам сайхан хувцас байлаа. Догдлон хөөрсөн охин хувцсыг өмсөөд ээжтэйгээ хамт баярт явав.
Баяр наадмын газар түүн шиг сайхан бүсгүй байсангүй. Хүн бүхэн л охиныг шохоорхон харж, залуус сэтгэл алдран байлаа.
Гэнэт охины өмнө нэгэн сайхан залуу хүрч ирээд түүнийг өөртэй нь гэрлэхийг гуйв.
Баян сурвалжит айлын тэр сайхан залууг хараад охин залуу хүний хувьд сэтгэл нь хөдөлж байсан боловч ганцаардмал хун шувуугаа сэтгэлдээ бодоод, залууд “Үгүй” гэсэн хариу өгчээ.
Охин даруй баяр наадмаас буцан ирж, хун шувууныхаа амьдардаг агуйд ирэв. Хун шувуу энэ удаад түүнийг агуйн гадна талд хүн төрхтэйгээр угтан авлаа.
Охин залууд “Хэдийгээр чи минь шувуу ч гэсэн би чамтай байхад сайхан байдаг. Тиймээс одоо би чиний дэргэдээс хаашаа ч явахгүй” гэж хэлэв.
Залуу, охины энэхүү чин сэтгэлийн үгийг сонсоод, хязгааргүй баярлав.
To start learning, sign up for free.
Get started